Export Mongolia

Thank you for your information

We will contact you soon.

Accept

An error has occurred.

Please try again.

Accept

Мэдээ

“EXPORT MONGOLIA 2018”: Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэлхийд гаргах боломж


Өнөөдөр “Corporate Hotel Event Hall”-д уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээ бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Export Mongolia-2018” форум амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Гадаад харилцааны яам, Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэлхийд гаргах боломжийн талаар ярилцав. Мөн тус форумын үеэр үндэсний тэргүүлэгч компаниуд гадны зах зээлд гарсан арга туршлагаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээг нээж Гадаад харилцаан яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг үг хэллээ. Нээлтийн илтгэлийг Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр тавив. Хэлэлцүүлэг Олон улсын стандарт, экспортод гарахад тулгамддаг асуудлууд, Экспортын боломж, санхүүжилт, экспортын хамтын ажиллагаа дэлхий дахинд гэсэн үндсэн гурван сэдвийн дор явагдлаа.

Тус чуулганд “Хөгжлийн санаачлага” ТББ-ын тэргүүн Л.Баян-Алтай “Экспортын үр ашигтай хамтын ажиллагааны загвар”, МУИС-Бизнесийн сургуулийн багш  Б.Даваасүрэн Рй.Э, МУИС-Бизнесийн сургуулийн багш Д.Энх-Отгон Рй.Э, “Үндэсний үйлдвэрлэгчдийн бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

“Экспорт Монголия 2018” арга хэмжээний хүрээнд экспортлогч компаниудын төлөөлөл болох “Тесо” Корпорацийн Экспорт хариуцсан захирал Б.Мөнхжаргал, “Хаадын гэр” ХХК, “Лидер кашмер” XXК-ийн төлөөллүүд экспортод гарч буй амжилттай туршлагуудаасаа хуваалцав. Мөн чуулганы хөтөлбөрийн дагуу Олон улсын стандарт, экспортод гарахад тулгамддаг асуудлуудыг хэлэлцлээ.

“Export Mongolia-2018” арга хэмжээнд оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид олон улсын худалдааны төлөөлөгчидтэй холбосон кластрын сүлжээнд нэгдэх боломжтой бөгөөд дэлхийн зах зээлд гарахад нэн хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг авснаараа тус арга хэмжээ онцлог болов.

Форумын гол зохион байгуулагчдын нэг “Англо Фрейт” компаний ерөнхий захирал Д.Оюунбилэг АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын хүргэлт ложистикийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож, Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа ажээ.

“Англо Фрейт” компани АНУ, Канад, Япон зэрэг оронд Монголын ААН-үүдээ оролцуулсан бизнес уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ онд Францад хийхээр төлөвлөсөн байна. Саяхан тус компаний хамт олон цагаан сарын баяр болохтой холбогдуулан АНУ дахь монголчуудын “захиалга” болох 4 тонн хэвийн боовыг хүргээд байгаа аж.

Мөн олон улсын болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагууд экспортыг дэмжих санхүүгийн  гарц  шийдлүүдийг танилцуулсны зэрэгцээ экспортын боломж, гадаад зах зээл болон экспортын нэгдсэн сүлжээ бий болгох нь чухал гэдгийг онцолж байлаа. Чуулга уулзалтын үеэр "Mayara", "Бүлээн чулуу", "Delbax" зэрэг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс сонирхуулсан юм. “Export Mongolia-2018” бизнес форумын илтгэгчдийн өгсөн мэдээллээс товчлон хүргье.

-ЮУНЫ ӨМНӨ ЭКСПОРТОД БЭЛЭН БАЙНА УУ ГЭДГЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ-

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ, Монгол ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн тэргүүлэх менежер С.Байгальмаа: -Европын сэргээн босголт хөгжлийн банк нь хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг нь, жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах, нөгөө хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулагдсан зөвлөх үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Би энэ зөвлөх үйлчилгээг хариуцдаг. Өнөөдөр бид Монгол Улсад 500 гаруй аж ахуйн нэгжид 700 гаруй зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхэд нь тусалж дэмжиж ажилласан байна. Эдгээр компаниудад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад тусалж ажиллалаа. Энэний нэг хэсэг нь компаний өрсөлдөх чадвар, менежментийг сайжруулах, зөвлөх үйлчилгээ юм.

Бид дэлхийд бүтээгдэхүүнээ гаргахын тулд "гэрийн даалгавар"-аа сайн хийхгүй бол бүтээгдэхүүн маань нөгөө зах зээл дээр гараад нэг удаагийн туршилтаар амжилттай болж болно, удаан хугацаанд ажиллах дээр алдаа гаргаад байна. Тэгэхээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк экспортын баримжаатай компаниудад ямар зөвлөгөө өгч байна вэ гэхээр юуны өмнө экспортод бэлэн байна уу гэдгээ судлах хэрэгтэй. Компаниуд маш олон чиглэлээр өөрсдийгөө дүгнэх ёстой. Өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээнээс эхлээд зах зээлийн бодлого, цаашлаад төсөв мөнгө, мөн гадаадын зах зээл дээр байршуулах гээд экспортын бэлэн байдлыг хангах хэрэгтэй. Бид энэ чиглэлд ажиллахад нь компаниудад тэтгэлэг олгож ажилладаг.

Манай банк, Хас, Хаан банктай хамтраад худалдааны санхүүжилт хийж байгаа. Монголд түүнийг импортыг орлох бүтээгдэхүүн дээр илүү ашиглаад байна уу гэж боддог. Манай хувьд энэ санхүүжилтийг экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах компаниуд ашиглах боломжтой. Мөн бид бизнесийн холбоодыг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд 10 бизнесийн холбог сонгож ажиллаж байгаа. Бид Ноос, ноолуурын холбоонд 16 сар зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

-ЭКСПОРТЫН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ-

Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр: -Хөгжлийн банкнаас 154 тэрбум төгрөгийг экспортод тэнцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан. Төсөл, хөтөлбөрүүдийн хувьд  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, түүний дотор мал аж ахуй, хүнс гэсэн салбаруудад санхүүжүүлэлт олгосон. Цаашдаа экспортыг дэмжсэн, экспортын чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг Монгол улсын Хөгжлийн банк санхүүжүүлнэ.

Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон банкуудад тулгарч байгаа асуудал гэвэл шаардлага хангасан техник эдийн засгийн үндэслэл дутмаг байдаг.  Техник эдийн засгийн тооцоог харж байгаад бидний зүгээс санхүүжүүлэх эсэхээ шийддэг. Яг ямар бүтээгдэхүүнийг хэнд зориулж, хэдэн ширхгийг гаргах вэ, худалдааны ямар сүлжээ ашиглах вэ гэсэн шаардлагуудыг аж ахуй нэгжүүд дутуу боловсруулж, төслийг хэрэгжүүлэх ур чадвар дутмаг байна. Иймэрхүү дутагдлууд байдаг учраас бүх төслийг санхүүжүүлж чадахгүй байх тохиолдлууд гарч байна.

-ХӨДӨӨ АЖ АХУЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА-

Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэлт: -Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад үзүүлсэн зээл тусламж, тоног төхөөрөмжийн төсөл, хөтөлбөрт 2 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Энэ нь Монгол Улсаас Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж ирсэнтэй холбоотой юм. Одоогийн байдлаар Монгол Улсад хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрт ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байна. 

Д.ЭРДЭНЭТУЯА

Холбоотой мэдээ